"“Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2” эмнэлгийн төрөх орыг шинэчилжээ" table of contents
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2” буюу Яармагийн 300 ортой төрөх эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж эхчүүд, эмэгтэйчүүд, эмч ажилтнуудад Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэлээ.
Амаржих газруудад хийгдсэн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг шинэчилжээ. Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн 496 ор хуучирч муудаад байсныг 100 хувь шинэчилжээ. Мөн “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник” болон “Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөл, 1987 онд ашиглалтад орсноос хойш иж бүрэн засвар хийгдээгүй тус төвийн бүх барилгын их засварын зэрэг нийт 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд байна. Тоног төхөөрөмжийн шинэчлэлийн дүнд Монголд эмчилдэггүй байсан дөрвөн төрлийн мэс засал, эмчилгээг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хийдэг боллоо. Энэ ондоо багтаж Эх нялхсын эмнэлэг төрөх өрөөнүүдээ хөгжингүй орнуудын жишигт хүргэж бүрэн засаж тохижуулахаар төлөвлөөд байгаа аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эх, нярайн эрүүл мэндийн салбарт нийт 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсныг тэмдэглээд улсын хэмжээнд иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрөх эмнэлгүүдийн өнгө төрхийг бүрэн шинэчилж, бүрэн цахимжуулах, эх, нярай, эмэгтэйчүүдийн эмнэлгүүдийг дэлхийн жишигт хүргэхийн төлөө Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэв. Мөн ирэх тавдугаар сарын 01-нээс Монгол Улсын иргэн бүрийг эрт илрүүлгийн иж бүрэн оношилгоонд хамруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулна, эрүүл мэндийн салбарын удирдлагууд бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.