Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт Хөгжлийн төлөвлөлтийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-ийн коронавируст халдвар КОВИД-19-ыг эмчлэх, урьдчилан сэргийлэх, эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд 8 ширхэг иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-д зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Кобаяши Хироюки, ЖАЙКА-Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи болон бусад албаны төлөөлөл оролцов.
Тус арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт Төслийн бус буцалтгүй тусламж болон Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөр дамжуулан удаа дараа үнэтэй хөрөнгө оруулалтыг хийсээр ирснийг онцлон тэмдэглэв. Энэ удаагийн техникийн хамтын ажиллагааны төслөөр олгож буй техник тоног төхөөрөмж хэрэгслүүдийг олон улсын тээвэр ложистикийн нөхцөл байдал хүндэрсэн хэцүү үед амжилттай хүлээлгэн өгсөнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Япон Улсын Засгийн газар болон Японы ард түмэнд гүн талархлаа илэрхийлэв.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Кобаяши Хироюки хэлэхдээ энэхүү техникийн хамтын ажиллагааны хүрээнд олгож буй техник, тоног төхөөрөмж хэрэгслүүд нь Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Мөн цаашид Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үргэлжлүүлэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.
ЖАЙКА- Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи тус арга хэмжээний үеэр тус төслийн хүрээнд олгосон түргэн тусламжийн машин, тоног төхөөрөмж хэрэгслүүд нь Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад томоохон дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэн цар тахлын хүнд хэцүү үед харамгүй сэтгэлээр ажилласан нийт эмч, эмнэлгийн ажилчдад талархал илэрхийллээ.