ӨНӨӨДӨР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР

2019 оноос эхлэн жил бүрийн 09 дүгээр сарын 17-ны өдрийг Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон. Эрүүл мэндийн ажилтан, үйлчлүүлэгч, тэдний асран хамгаалагч болон хүн бүрийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, хамтран ажиллах замаар тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад уриалах нь тэмдэглэлт өдрийн зорилго юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад үйлчлүүлэгчийг цаг алдалгүй, зөв оношлох нь нэн чухал болохыг онцолж, 2024 оны Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдрийг “Оношилгоог зөв, аюулгүй хийе!” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Иймд тус төв нь Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдрийг тохиолдуулан “Оношилгооны аюулгүй байдал” сэдэвт өдөрлөгийг өнөөдөр /2024.09.17/ зохион байгууллаа.

Өдөрлөгөөр дүрс оношилгооны болон лабораторийн тасгийн үйл ажиллагаа, оношлогоо, шинжилгээ хэрхэн хийгдэж, хариу гардаг талаарх үйл явцтай үйлчлүүлэгч болон тэдний асран хамгаалагч нар танилцаж, оношилгоо, шинжилгээний үед үүсч буй хүндрэл, бэрхшээлийн талаар санал, хүсэлтээ өглөө.

Мөн Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/352 дугаар тушаал “Үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах журам”, Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/112 дугаар тушаал “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдлыг бүртгэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах журам”, ЭМС-ын 2023 оны А/274 дугаар тушаал “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023” стандартыг хэрэгжүүлэх хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтэнд давтан сургалтыг зохион байгууллаа. Тус өдөрлөгт 120 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчлүүлэгч нар оролцлоо.